“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжих, цэвэр эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх чиг үүрэг бүхий нийслэлийн өмчит компани юм.
Тус компани нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 24/13 дугаар тогтоолоор байгуулагдаж, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор үйл ажиллагааг нь хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Компанийн улсын бүртгэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор бүртгэсэн болно.
Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон агаарын бохирдлыг бууруулах үндэсний зорилтуудтай уялдуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
Үндсэн үйл ажиллагааны хүрээнд байгалийн хий, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болон бусад дэвшилтэт эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт болон технологийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Бид Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд, аж ахуйн нэгжүүд болон нийтийн зориулалттай барилга байгууламжуудыг цэвэр, найдвартай эрчим хүчний эх үүсвэрт үе шаттайгаар шилжүүлэх замаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахыг зорьж байна.